Монгол, Лаосын батлан хамгаалахын салбарын харилцааны түүхийн шинэ хуудас нээгдэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Батлан хамгаалахын сайд генерал Жансамон Жаняаладын урилгаар 2022 оны 12 сарын 09-13-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Панкам Випаванд бараалхаж, БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, генерал Жансамон Жаняаладтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
БНАЛАУ-ын Ерөнхий сайд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр, харилцан айлчлал, үйл явдлаар баялаг өргөн хүрээнд тэмдэглэж буйг тэмдэглээд, бид хамтдаа туулсан олон сайхан дурсамжтай, ах дүүгийн найрамдалт нөхөрсөг харилцаатай, Лаосын ард түмний өмнөөс хүнд цаг үеүдэд Монгол Улсаас үзүүлж байсан тусламж, дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан харилцан ажиллах санамж бичгийг сайшааж, энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Ерөнхий сайд Панкам Випаванд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндийг уламжлан, хоёр орны харилцааны талаар элэгсэг дотно үг хэлсэнд талархаж, БНАЛАУ-ын Гадаад харилцааны сайд 20 жилийн дараа Монгол Улсад, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд 38 жилийн дараа БНАЛАУ-д тус тус айлчилсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэж байна, бидний АСЕАН-ийн бүс нутагт улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байна, ялангуяа уламжлалт харилцаагаа сэргээж, БНАЛАУ-тай цэргийн дипломат харилцаа тогтоож байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол, Лаосыг холбох шинэ хурдан галт тэрэгтэй болсонд баяр хүргэж, уг замаар хоёр орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцлов.
БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Лаос оронд албан ёсоор айлчилж байгаад талархаж, хоёр орны Батлан хамгаалах яамд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны түүхийн нэгэн шинэ хуудас эргэж буйг онцлоод, Монгол Улсаас тусламжаар 2018 онд өгсөн 1000 цагаан хонь Лаос оронд нутагшин, өсч үржиж байгааг дуулгаад, Монголын уламжлалт мал маллагаа, арчилгаа зэрэгт малчин, малын эмч сургах, туршлага судлах, Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд цэргийн алба хаагч сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайд, генерал Ж.Жаняаладад Лаос оронд албан ёсоор урьсанд талархаж, бид ах дүүгийн найрамдалт харилцаатай хүмүүс, хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд энэ удаагийн айлчлал түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үргэлжлүүлэн, Батлан хамгаалах яамд хооронд харилцан ажиллах санамж бичиг байгуулснаар бидэнд харилцаагаа өргөжүүлэх олон боломжууд бий болж байгаа, тухайлбал, цэргийн харилцан айлчлал зохион байгуулах, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл солилцох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон гамшгийн хор хөнөөлийг арилгах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, цэргийн алба хаагч сургах, цэргийн туслах аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг харилцан тохиролцсон олон асуудлаар хамтран ажиллах боломжтойг нотлов.
Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд цэргийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлж, Вьентьян хотын түүхийн дурсгалт зарим газраар зочлов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын БНАЛАУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа Батлан хамгаалах яамд хооронд харилцан ажиллах санамж бичиг байгуулан, цэргийн харилцаа тогтоож, хамтран ажиллах түүхэн харилцааг нээсэн чухал айлчлал боллоо.