Их аварга М.Даваажаргалын зодог тайлах ёслолын VIP тасалбарын үнэ 5 сая иенийн үнэтэй

Мэргэжлийн сумо бөхийн олон дээд амжилтын эзэн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд Токио хотын сумогийн “Рёгокү-Кокүгикан” ордонд болно.

Энэхүү ёслолын дээд зэрэглэлийн тасалбар худалдаанд гарсан бөгөөд 5 сая иенийн үнэтэй 6 ширхэг “Diamond VIP NFT” тасалбар нь бусад зочдоос давуу эрхтэй аж. Тэд Их аварга М.Даваажаргалын үсэнд хайч хүрэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, Их аваргатай хамт зоог барих эрхтэй. Мөн 69 дэх Ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байгаа аж.

Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга буюу Ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм. Тэрбээр 2021 оны Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатай түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ.

Мэргэжлийн сумо бөхийн домогт аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дархан аварга, олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал тамирчны замналаа өндөрлүүлээд мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа ороод байгаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments