REUTERS: Их Британи улс халдварын тохиолдол буурсантай холбоотой COVID R тоог зарлахаа зогсоолоо
Коронавирусийн халдвар хэр хурдтай тархаж буйг харуулдаг COVID R үзүүлэлтээ энэ долоо хоногоос эхлэн зарлахаа больж байгааг Их Британийн засгийн газар өчигдөр мэдэгджээ.
Вирусийн эсрэг вакцин болон эмийн ачаар хүмүүсийн дунд өвчлөл буурсан тул ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан байна. R (reproduction number) гэх энэ үзүүлэлтийг сүүлийн бараг гурван жилийн хугацаанд олон нийтэд тогтмол зарлаж байжээ.
Хэрвээ энэ үзүүлэлт 1-ээс дээш гарвал өвчлөл нэмэгдэж байгааг харуулдаг байв. Жишээлбэл R үзүүлэлт 2 байвал энэ нь халдвар авсан нэг хүн цааш нь хоёр хүнд халдвар тарааж байгааг харуулж байгаа юм.
Баасан гарагт Англи даяар R үзүүлэлт 1-1.2 хооронд хэлбэлзэж байжээ. Сүүлийн хэдэн долоо хоног тус улсад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч цар тахлын оргил үетэй харьцуулахад нэлээд хэмжээгээр багассан байна. Тухайлбал энэ оны эхээр зөвхөн Англид өдөрт 100,000 давсан тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо 6,000 орчимд хүрч буурчээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ