Замын цагдаа иргэнээс хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 19-23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28220, мөрдөн байцаалтын 1572 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 243 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 41 мэдэгдэл хүргүүллээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 151, Өмчлөх эрхийн эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 20, Эдийн засгийн 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 23, Авлига албан тушаалын 9, Амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Кибер орчинд хууль бусаар халдах 2, нийт 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан У нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан М, цагдаа О нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн Г-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1-т /Хахууль өгөх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.