С.Амарсайхан: Байдал хүндэрвэл 4-р сарын 5-наас өмнө ХӨЛ ХОРИНО
Шадар сайд С.Амарсайхан нүүр номын хуудаснаа дараах мэдээллийг байршуулжээ.
Тэрээр “Корона вирусийн халдварын тархалтыг хумих үүднээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаатай зогсоох шийдвэрийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргалаа. Харин нийслэл Улаанбаатар хотод халдварын дэгдэлт буурахгүй бол 4-р сарын 5, магадгүй наана нь нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс аргагүй байдалд орно” гэсэн байна.
Мөн Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс хатуу хөл хорио тогтоохоос өмнө асуудалд нухацтай хандаж, нөхцөл байдлыг тал бүрээс үнэлж цэгнэж байж шийдвэрээ гаргахыг эрхэмлэж байна. Шийдвэр бүхний цаана иргэдийн эрүүл мэнд, айл өрхүүдийн хоногийн хоолтой холбоотой амьжиргааны асуудал, аж ахуйн нэгжүүдийн орлого, зээлийн төлөлт гээд эдийн засгийн асуудлууд байдаг учраас халдварын тоо өслөө гээд бүхнийг тас хааж хорихыг энэ удаад урьтал болгоогүй гэдгийг онцолсон байна.