Хөгжлийн банкны өрөнд суутгасан байруудыг давхар борлуулах залилан гарах болжээ
Хөгжлийн банкнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Монгол улсын хөгжлийн банк нь чанаргүй зээлийг төлүүлэх үйл ажиллагааны хүрээнд зарим зээлийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах буюу төлбөрийн чадваргүй зээлдэгчийн өмчлөлд байсан хөрөнгийг зээлийн төлбөрт хураан авч, өөрийн өмчлөлд шилжүүлээд байна.
Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоотой хамтран хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр олон нийтэд нээлттэй байдлаар худалдах тул залилангийн шинж чанартай худал мэдээлэлд автахгүй байж, сайтар нягтлахыг үүгээр анхааруулж байна.
Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн тухай мэдээллийг тус банкны цахим хуудас (www.dbm.mn)-ны “ҮХХ-ийн мэдээлэл” хэсгээс (https://www.dbm.mn/realestate/rlist) дэлгэрэнгүй танилцана уу.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК