|

ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ

Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.

Энэ онд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас  “Стрептококкийн халдвараас үүдэлтэй  зүрхний хэрэх  өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ. Уг төслийн тусламжтайгаар 16 хүртэл насны хүүхэд, өсвөр  насныхныг зүрхний хэрэх өвчин буюу стрептококкийн шалтгаант өвчнүүдийн эрт үеийн илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах юм.

Тус хөтөлбөр нь засгийн газартай хамтран зорилтот сурталчилгааны кампанит ажил явуулах замаар эрүүл амьдралын хэв маягийг, түүний дотор эрүүл ахуйг дэмжих ба анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургуулийн эрүүл мэндийн асуудлуудад ихээхэн  анхаарах юм.
Түүнчлэн, оношилгоог сайжруулахын тулд одоо байгаа багаж тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай эмнэлгийн ажилтнуудтай хамтран ажиллаж, жирэмсний хяналт, нялхас, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих таатай орчныг бүрдүүлэх, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын  зүрхний эмгэгийг эрт илрүүлж, оношлох багаж төхөөрөмж ашиглах чадавхийг сайжруулах болно.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд уг хөтөлбөрийг  орон даяар хэрэгжүүлж буй эрт үзлэг илрүүлэг шинжилгээтэй холбон хэрэгжүүлэхэд боломжтой бөгөөд цаашид НҮБ-ын Хүүхдийн сантай эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг Харвардын их сургуульд сургах, цахим эрүүл мэнд, Сумын эрүүл мэндийн төвүүдийг нарны эрчим хүчээр хангах болон эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн технологи бүхий ариун цэврийн байгууламжтай болгох  зэрэг асуудлаар тасралтгүй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр оруулж буй Люксембургийн Засгийн газарт Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрийн өмнөөс гүнээ талархаж байна.  Хүүхдийн зүрхний хэрэх өвчнөөс  сэргийлэх, өвчлөлийг бууруулахад хөрөнгө оруулах нь хүүхдийн төрөлхийн өвчлөлийг бууруулахад туйлын  үр ашигтай арга хэмжээний нэг юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас ЭМЯ-ны санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний  эрт илрүүлгийн  хөтөлбөрийг үргэлжүүлэн  дэмжиж, 2023-2027 оны НҮБ -ын Хүүхдийн сангийн улс орны хөтөлбөрийн хүрээнд зөвхөн эрүүл мэндийн салбарт 15 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж  хамтран ажиллана.” гэдгээ илэрхийлсэн юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХӨСҮТ , ЭХЭМҮТ,  ШУГТЭ -ийн Зүрхний төв НҮБХАС болон холбогдох хувийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Ташрамд дурдахад стрептококкийн халдвараас үүдэлтэй өвчнөөр дэлхийд жилдээ  288,348 хүн нас бардаг. Гэхдээ өвчнийг  эрт илрүүлж, эрт арга хэмжээ авснаар  үр дүнд хүрэх боломжтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *