Албан тушаалтнууд ХОМ-гээ гаргах хуулийн хугацаа эхэллээ
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.
2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд “Баталгааны маягт”-ыг хүлээлгэн өгч, бүртгүүлнэ гэж АТГ-аас мэдээллээ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд:
4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;
4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн гэж заажээ.