ГХЯ: Ирэх Ням гаригийн 08:00 цагаас Замын-Үүд-Эрээн боомтыг нээнэ
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж байгаатай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2023.01.04/ мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Р.АЛТАНГЭРЭЛ:
-Замын-Үүд-Эрээний хилийг нээх гэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд гарсан. Тодруулбал, Хятад улсын цар тахлын хорио цээрийн дэглэм бууруулсантай холбоотой олон улсын хилийн боомтын хөдөлгөөнийг сэргээж байгаа. Ингэснээр сүүлийн гурван жил зогсоод байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа юм.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх Ням гаригийн 08:00 цагаас нээнэ.
Хятад руу зорчих иргэдэд мөн тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Үүнд:
- Зорчихоос 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/
- Хятад руу зорчих мэдүүлгийг цаасан болон цахим хэлбэрээр заавал бөглөх зэрэг үндсэн шаардлагыг тавьж байгаа.
Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. Дараагаас нь 500-1000 зорчигч болгож тоог нэмэгдүүлнэ. Мөн Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй. Гэхдээ Монгол Улсаас нэвтэрч очих иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс болон үнийн саналыг өгсөн. Түүнчлэн ирэх 8-наас найман хүнээс доош суудалтай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд цаашид энэ тоог нэмнэ. Хуучин явж байсан ГАЗ469 маркийн машиныг хил хоорондын зорчигч тээвэрлэх хэрэгсэл болгохгүй гэдгийг мөн мэдэгдээд байна.
Харин Хятадаас Монгол руу зорчих иргэдийн тухайд одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нэвтэрнэ.
Ачаа тээврийн хувьд өдөрт урд хилээр 100 машин нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Чингэлэг болон задгай тээврээр ачаа тээвэрлэх боломжтой. Тээврийн хэрэгслийн мэдээлэл болон хилээр нэвтрэх цагийг тодорхой илгээвэл цаашид тээврийн хэрэгслийн тоо өсөх боломжтой.
Эх сурвалж: News.mn