ДЭМБ: Хятадаас коронавирусийн шинэ хувилбар илрээгүй
Хятад улсын ирүүлсэн Ковидын мэдээллийг шинжлээд коронавирусийн шинэ хувилбар илрүүлээгүйгээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдэгджээ. Харин халдварын улмаас нас барсан хүнийхээ тоог бүрэн гаргахгүй байгааг нь шүүмжилсэн байна.
ДЭМБ-ын шуурхай тусламжийн албаны захирал Майк Райан өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Хятадын талаас өгсөн тоо баримтад эмнэлгүүдийн ачаалал, нас баралт зэрэг чухал мэдээллүүд хангалттай тусгагдаагүйг ярьжээ. “Хятадад нүүрлээд буй эрүүл мэндийн эрсдэлд ДЭМБ санаа зовж, нас баралт, өвчний хүндрэлийг бууруулахад вакцинжуулалтын ач холбогдол өндөр болохыг дахин сануулж байна” гэж тэр хэлжээ.
Хятадын эрх баригчдын өгсөн мэдээллээс үзвэл тус улсад одоо Омикрон хувилбарын BA 5.2, BF.7 дэд хувилбарууд хамгийн түгээмэл тархсан байна.
Эх сурвалж: Reuters