“Хумхаа өвчний халдвар авсан нэг алба хаагч нас барсан. Нэгнийх нь биеийн байдал нэн хүнд, эмчлүүлж байна”
Өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн зарим алба хаагчаас хумхаа өвчний халдвар илэрсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор Батлан Хамгаалах Яам (БХЯ)-наас хэвлэлийн хурал зохион байгуулав.
Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од “Энхийг дэмжих ажиллагаанаас ирсэн цэргийн есөн алба хаагчаас хумхаа өвчин илэрсэн. Одоогоор долоон алба хаагч бүрэн эдгэсэн. Хоёр алба хаагчийн нэг нь нас барсан, нөгөө нь эмчилгээний тасагт нэн хүнд гэсэн ангиллаар хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөн эмээ уусан уугаагүйгээс хумхаа өвчин ихээхэн хамаардаг.
Африкт арван шумуул тутмын нэг нь хумхаа өвчинтэй гэж үздэг. Энэ өвчин нь шумуулаас хүнд дамждаг бөгөөд хүнээс хүнд халдахгүй. Халдвар тээгч шумуулд хазуулсан тохиолдолд хумхаа өвчин тусаж болно. Манай цэргүүд эх орондоо ирээд 14 хоног хумхаа өвчний эсрэг эм уудаг. Дэлхийд хумхааны эсрэг вакцин байхгүй. Өмнө нь энхийг дэмжих ажиллагаанаас ирж буй цэргийн багаас хумхаа өвчний тохиолдол илэрдэг ч бүрэн эмчилдэг байсан.
Энхийг сахиулах ажиллагаа явуулж буй 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр хүн нас бараагүй. Энэ удаа анхны тохиолдол болсон” гэв.