|

Бразилын хуучин ерөнхийлөгчийг дэмжигчид конгрессын ордноо эзэлжээ

Бразилын хуучин ерөнхийлөгч Жайр Болсонаруг дэмжигчид Ням гарагт тус улсын Конгрессын ордон, ерөнхийлөгчийн ордон, дээд шүүхийн байранд дайран орж, эзлэн авсан байна.

Өнгөрсөн оны сүүлээр болсон сонгуульд Болсонаруг ялсан шинэ ерөнхийлөгч Луйз Инасио да Сильва нийслэл Бразилиа хотод энэ сарыг дуустал аюулгүй байдлын онцгой дэглэм тогтоожээ. Тэрбээр үймээн самуунд дэмжигчдээ уриалсан хуучин ерөнхийлөгчийг шүүмжилж, тэднийг “фашистууд” гэж нэрлэсэн байна.

 

 

Өчигдөр Лула нийслэлд байгаагүй, тус улсын Сан-Пауло мужид ажиллаж байжээ. Тэрбээр үймээнд оролцсон этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, санхүүжүүлэгчийг олж тогтоохоо амласан байна.

Аравдугаар сарын 30-ны өдөр болсон Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд барууны үзэлтэй ерөнхийлөгч Болсонару ялагдаж, зүүний улс төрч, өмнө нь ерөнхийлөгч байсан Лула да Сильва ялалт байгуулж байв.Гэвч Болсонаругийн олон дэмжигчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.

Болсонару сонгуульд ялагдсанаасаа хойш олон нийтийн өмнө ил гаралгүй байсаар Лулаг тангараг өргөхөөс 48 цагийн өмнө АНУ-ын Флорида муж руу ниссэн юм. Тэрбээр шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоогүй байна.Латин Америкийн бусад орнууд болон АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Бразилын нийслэлд болсон явдалд харамсал илэрхийлжээ.

Бразилд болсон үйл явдал 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-д болсон үйл явдлыг давтаж байна. Тухайн үед ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Дональд Трампын дэмжигчид АНУ-ын конгрессын ордон Капитолыг эзлэн түйвээж байсан юм.

Эх сурвалж: AFP

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *