ХӨСҮТ: : Вакцин андуурагдсан иргэд үрэвсэлтэй, хяналтад байна
Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд “Нохойд хазуулсан” хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин хийсэн талаар Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өмнө нь мэдээлсэн. Үүнд Халдварт өвчин судлалын үндэсний төв хэрхэн оролцож байгаа талаар өнөөдөр /2023.01.10/ ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Бид 2023 оны нэгдүгээр сарын 9-ний 20:00 цагийн орчимд Сүхбаатар аймгаас долоон иргэнийг хүлээж авсан. Одоогоор эдгээр иргэний хувьд тарилга андуурч хийгдсэнтэй холбоотой шинээр үүссэн өвчлөл байхгүй. Энэ долоон иргэний гурав нь хуучин архаг суурь өвчтэй. Гэхдээ архаг суурь өвчний байдал өмнө нь байсан тэвшиндээ байгаа.
Долоон иргэний бүгдийнх нь тарилга хийсэн хэсэг газарт улайсан. Хэсэг газрын үрэвслийн шинж тэмдэгтэй, хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарсан, үрэвслийн процесс илүү явагдаж байгаа байдалтай байгаа.
Одоогийн байдлаар бидний хийсэн үзлэг шинжилгээгээр биеийн байдлыг хүнд, хүндэвтэр гэж үнэлэх байдал байхгүй байна. Бид иргэдийг хүлээж авснаасаа хойш хавсарсан эмгэгтэй хүмүүсийн хавсарсан өвчний талаас нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, шинжилгээнүүдийг нэмэлтээр хийж байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр магадгүй андуурагдаж хийсэн тарилгатай холбоотойгоор архаг суурь өвчинд нь сэдрээлт өгөх вий, хүндрэл гарах вий гэж болгоомжлох үүднээс онцгой анхаарч байгаа гэсэн үг. Бусад хэсэг газрын үрэвслийн идээт буглааны үед авдаг арга хэмжээнүүдийг стандарт журмын дагуу аваад явж байна.
Нэгдүгээрт, галзуу өвчнөөс сэргийлэх тарилгыг хийх ёстой атал хийгээгүй талаар эрсдэлийг үнэлсэн. Түүгээр “Галзуу өвчнөөр өвчлөх эрсдэлгүй” гэсэн үнэлгээг эхний байдлаар гарсан байгаа учраас эдгээр иргэдэд галзуу өвчнөөс сэргийлэх шаардлагагүй гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, сүрьеэ өвчний хувьд тарилга андуурагдаж хийсэн тохиолдолд сүрьеэгийн идэвхтэй халдвар, сүрьеэ өвчний түгээмэл болон хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх эрсдэл маш бага. Голлох урвал нь хэсэг газрын улайлт, үрэвсэл гардаг олон улсын дата судалгаанууд байгаа. Тийм хэдий ч бид гарч болох эрсдэл, хүндрэлийг тооцоолж, эдгээр иргэдийг төв байгууллагадаа авчран, эмнэлгийн хяналтад авч, цаашдын эрүүл мэндийг нь онцгой анхааран ажиллаж байна” гэлээ.