“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг суллаж, хилийн хориг тавьжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарч байв. Гэвч маргааш нь түүний гомдлын дагуу эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тогтоожээ. Мөн хэрэгт холбогдсон бусад хүнтэй уулзахыг хориглосон байна.
Х.Нурлатыг “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан тухай мэдээлж байв.Үүнээс гадна хамаарал бүхий компани нь Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан юм.