Х.Нямбаатар: С.Батдөлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй
Энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй. Эл хэрэгт цагдаагийн байгууллагаас хөнгөн гэх зүйл ангиар зүйлчилж шалгаж байгаа нь хэргийг цаашид замхруулах гэж байгаа үйлдэл хэмээх шүүмжлэл олон нийтийн дунд гарсан. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн эхээр С.Батдөлийн хэрэгт татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргээр зүйлчилж, хэргийг нь замхруулах нөхцөл байдал бүрдлээ гэх агуулгатай мэдээлэл явсан. Энэ хэргийг анх илрүүлсэн байгууллага нь цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага өөрөө Эрүүгийн тухай хуулийн 16 дугаар зүйл буюу мөнгө угаах ангиар зүйчилж шалгах эрхтэй байдаг. Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эрхтэй. Гуравдугаарт, татвар төлөхөөс зайлсхийх гэдэг гурван ангиар үйлдлийг газар дээр нь илрүүлж прокурорын байгуллагад яллагдагчаар татах саналаа оруулсан. Энэ Даваа гарагт АТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, өмнө сонсгосон ялаа нэмж ял сонсгож, эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилга, албан тушаалын гэмт хэргээр давхар зүйлчилж явж байгаа. С.Батдөлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй” гэлээ.