М.Баяраа: Халиа тошингийн асуудлыг шийдэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй
Халиа тошин үүсэн газруудад ямар хэмжээ авч байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөв.
Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг.
Их хэмжээний халиа тошин үүсэн газруудыг сувагчилж, инженерийн байгууламж хийж, усыг зайлуулах байдлаар шийдэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 330 тэрбум төгрөг хэрэгтэй. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын төсөв хүндрэлтэй байгаа. Энэ жил нийслэлд 26 тэрбум төгрөг буюу хоёр сургууль барих хэмжээний хөрөнгө оруулалттай байна.
Халиа тошин арилгах ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар, нийслэл, дүүргийн Онцгой байдлын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Өчигдөр дээрх байгууллагууд болон дүүргийн удирдлагууд хамтарсан уулзалт хийсэн. УБЗАА-наас дүүргүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, санхүүжилтийг шийдэхээр боллоо.Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын хүрээнд хүний гар ажиллагааг багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттайгаар тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Хоёрдугаар сараас ХБНГУ, БНХАУ-аас хүнд машин механизмыг оруулж ирнэ” гэв.
Түүнчлэн жижиг оврын ухаалаг, өртөг зардал багатай төхөөрөмжийг нэвтрүүлэхээр судалж байгаа ажээ.