ХНХ-ын сайд Т.Аюурсайхан эх орноосоо урвасан байж болзошгүй материалыг ТЕГ-т өгч байна

Сэтгүүлч Х.Ган-Ялалт мөнгө угааж, улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй УИХ-ын гишүүн, сайдад хамаарах баримт материалыг Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Тэрбээр “ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой гэж үзэж байна.“Мөрч.мн” сайтын сэтгүүлчид 2022 оны долдугаар сараас эхлэн нүүрсний гэх энэ хэргийн араас сурвалжилга бэлтгэсэн. Ингэхдээ Ханги-Мандал, Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын компанийн тендер, шалгууруудыг судалж, сурвалжилсан юм.

Бид сэтгүүлчийн хэмжээнд чадахаараа ажиллаж, судалгаа хийлээ. Одоо үүнээс цааш хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзээд Тагнуулын ерөнхий газарт цуглуулсан 88 хуудас баримт материалаа хүлээлгэн өгч байна. Мөн ЦЕГ-т 166, АТГ-т 222 хуудас материал өгсөн.

Яагаад Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй гэдэг асуудлыг хөндөж байна вэ гэхээр тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаас ажлаа эхэлсэн хүн. Өнөөдөр тэрбээр “Эрдэнэс тавантолгой” компанитай холбоотой, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал үүсгээд байгаа. Хамгийн гайхаж буй зүйл бол өөрийн хамаарал бүхий 70 гаруй компаниар “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хамтарч нүүрсний хулгай хийсэн байж болзошгүй байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өөрийн албан тушаалаа ашиглан хүрээлэл бий болгож, үүгээрээ Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөх үйл явц хийсэн үү гэдгийг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой.Сэтгүүлчид бид ажлаа хийлээ, хардах эрхийн хүрээнд баримт материалыг судалж цуглууллаа. Харин одоо хууль хяналтын байгууллага энэ бүхэн гэмт хэргийн шинж чанартай эсэх, мөн эх орныхоо аюулгүй байдалд аюул занал учруулж урвасан эсэхийг шалгаж тогтоох ёстой” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *