Б.Мөнхтөр: Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан уу гэх асуултад хариулах боломжгүй
Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна. Энэхүү сонсголд 11 компанийн Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрч оролцож байгаа юм.
Одоогийн байдлаар гурван сая орчим дансыг данс хөөх аргаар шалгаж, зээлийн санхүүжилт зориулалт ёсоор зарцуулсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа. Тухайлбал Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг “Бэрэн групп”-тэй холбоотой зээлийн зарцуулалтын асуудал анхаарал татаж байв.
Тодруулбал, “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр 1.5 сая ам.долларыг зузаатгал нэрээр хувийн дансандаа шилжүүлж, нийт 7.2 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан” гэх дүгнэлт гарчээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Таны хувийн данснаас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө гарсан байна. Та мөрийтэй тоглоом тоглодог уу? гэх асуулт тавьсан.
Дээрх асуултад “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр : Би мөрийтэй тоглодоггүй учир шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно. Энэ асуултад хариулах боломжгүй” гэлээ.
Харин “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Цэлмэг “2020 оны хоёрдугаар сараас хойш АТГ-т Хөгжлийн Банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбоотой асуудал дээр бүх компанийнхаа баримт бичгийг өгөөд, компанийнхаа зарцуулалтыг нотлоод явж байгаа. Өчигдөр хуульчидтайгаа зөвлөлдсөн ба зарцуулалтын талаарх асуултын хүрээнд бид нэг бүрчлэн хариулт өгөх нь хуулийн хүрээнд ямар ч боломжгүй гэдгийг хэлье. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагад баталгаа гаргаад өгчихсөн.
“Бэрэн” группийн барилгатай холбоотой манай зээлийн зарцуулалтыг нэг бүрчлэн хариулах боломжгүй тул зарчмын хувьд асуултад хариулъя.
Тухайн оныхоо дөрөвдүгээр сард бид Хөгжлийн Банкнаас нийгмийн шинжтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё блок гэж 720 айлын орон сууц барихаар зээлийн хүсэлт гаргаад тухайн жилийнхээ 11 дүгээр сард Зээлийн хороо буюу ТУЗ-өөс нь зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаад, олголтуудаа үе шаттайгаар авсан.
Барилгын салбар нь бусад салбараас онцлог салбар. Шууд мөнгөө аваад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. 9.3%-ийн өндөр хүүтэй валютаар аваад олгогддог зээлийг групп компанийн хувьд шууд хадгалаад жилийн дараа барилгын улирал эхлэх үед угсралтаа эхлүүлэх боломжгүй байдаг.
Иймд манай компанийн арматур болон бусад барилгатай холбоотой бизнес эрхэлдэг салбар компаниуддаа үйл ажиллагаа явуулсан.
Мөнгийг хаашаа орж, гарч байгаагаар нь биш тухайн төсөлдөө тухайн хэмжээний мөнгө зарцуулагдсан уу гэдэг өнцгөөс асууж яваагүй болохоор бид өнөөдөр шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ямар ч байсан авсан зээлийнхээ хэмжээгээр барилга болон гангийн үйлдвэртээ зарцуулсан гэдгийг зарчмын хувьд хэлье.
Зарцуулалттай холбоотой өөр нарийвчилсан асуултад манай зүгээс хуулийн хүрээнд хариулах боломжгүй” гэлээ.