Г.Тэмүүлэн: Өргүй төсөв баталдаг байх хуулийн төслийг өргөн барьж байна
Төсвийн байнгын хорооноос бэлтгэн боловсруулсан Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьж барьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Д.Пүрэвдорж, Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд өнөөдөр /2023.01.16/ мэдээлэл хийлээ.
Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Дөрвөн сар гаруйн хугацаанд ажиллаж, төсвийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн бодлогыг дэвшүүлж, Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг өргөн барьж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг төсөв санхүүтэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.
Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг хийх үеэр иргэдээс гаргасан саналууд, 200 орчим эрдэмтний санал багтсан. Мөрөөдлийн жагсаалт гэж болох зүйлүүдийг бодлого болгож гаргаж байгаа.
Ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бодитоор бий болгох, өр зээлгүй төсөв баталдаг болох, үр ашиггүй зардлыг асуудалд цэг тавих цаг нь болсон байна. Төсвийн өр, зээлийн хязгаарыг тавьж, дагаж мөрддөг байх зохицуулалтыг оруулж өгсөн.
Төсвийн хуулийн шинэчлэлийг:
- Төсвийн тогтвортой байдлын бодлого,
- Төсвийн төлөвлөлтийн бодлого,
- Төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах бодлого,
- Гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд зохицуулна” гэлээ.