УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАР САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БУЙ АЖЛУУДЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Өнөөдөр /2022.11.28/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар салбарын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар нь “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэл 20%, Оюутолгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 2022.11.01-ний өдрийн байдлаар  90%-тай байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл: Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын тендерийг  2022.11.16-ны өдөр нээж үнэлгээ хийгдэж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн технологийн бус барилга байгууламжийн ажил /EPC-1/-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2022.11.22-ны өдрийн байдлаар 75.0%-тай гүйцэтгэлтэй байгаа талаар дурдав.

Түүнчлэн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийг урт хугацаанд эрдэс баялгийн нөөцөөр хангах зорилгоор Эрдэнэтийн стратегийн ордын хил зааг дотор өнгөт металлын хэтийн төлөвтэй нийт 99.5 мян.га талбай бүхий 6 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын мэдээлснээр Геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашигласны үр дүнд Эрдэнэт үйлдвэрийг цаашид 60 жил ашиглах боломжтой болсон мэдээллийг уулзалтын эхэнд өгөв.

 

Мөн шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд: 2023 оны эхнээс дизель түлшний үнийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай үнээр нийлүүлэх, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллараар 5 жилийн хугацаанд тогтворжуулахаар тус тус тохиролцсон. Сүүлийн үед бий болоод буй дизель түлшний хомстолтой холбоотойгоор Роснефть НХН-д хүсэлт тавьж тус компаниас Монгол Улсад сар тутамд нийлүүлдэг 50-60 мян.тн дизель түлшний хэмжээг нэмэгдүүлж 12 дугаар сард 83 мян.тн дизель түлш нийлүүлэхээр тохиролцож, захиалгаа баталгаажуулаад байгаа талаар мэдээлсэн юм.

Салбар яамны зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага, түүнтэй холбоотой тулгамдаад буй асуудлыг судлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. ҮАБЗ-өөс тусгай зөвшөөрөл олголтыг үргэлжлүүлэх тухай холбогдох зөвлөмж гарсны дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. АМГТГ-ын даргын 2022.11.23-ны өдрийн шийдвэрээр 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан. Сонгон шалгаруулалтын талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж, өмнө хүчингүй болгосон, цуцалсан талбайн тоотой тэнцүү хэмжээгээр нэмж зарлах байдлаар үргэлжлүүлэх юм. 2022.01.01-2022.11.20-ны байдлаар хуульд заасан үндэслэл бүрдсэн ашиглалтын 23, хайгуулын 24, нийт 47 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Мөн хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болголоо.

Өнгөрсөн хугацаанд салбарын хэмжээнд гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд дотоод гадаадын хурал, үзэсгэлэнд оролцож хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцэж, шийдлийг эрэн хайх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Австрали Улсын Сидней хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт /IMARC-2022/-д оролцож, Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төсөл, хөрөнгө оруулалтын орчныг сурталчилсан үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, хөрөнгө оруулагчдын хуралд илтгэл хэлэлцүүлж, улс орнуудын Засгийн газар болоод хувийн хэвшлийн олон төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа. Чуулга уулзалтын үр дүнгээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

“Гадаад валютын албан нөөц нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан цахим биржээр арилжих бэлтгэл ажлыг хийж байна. “Эрдэнэс тавантолгой ХК-ийн экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулаад байгаа бөгөөд Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.

Ашигт малтмалын хайгуулын суурь судалгааны ажлыг чанаржуулах, олон улсын шинэ-дэвшилтэт технологиор гүйцэтгэх зорилгоор улсын төсөвт 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгав. Энэ хүрээнд Геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын салбарт нэвтэрсэн орчин үеийн шинэлэг арга, аргачлал, техник технологийг ашиглан Монгол орны зарим бүсэд үнэт, өнгөт, ховор металлын хэтийн төлөв тогтоох судалгааны ажлыг хийх юм.

Салбарын хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох ажлын хүрээнд дараах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна:

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл.

Мөн дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг төслүүд багтаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *