Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын  2021 оны А/93 дугаар тушаалаар УУХҮЯ, Сангийн яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, ажлын хэсэг тус хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зэрэг зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулсан ба анхдагч хуулийн төсөл 7 бүлэгтэй.

УИХ-ын өнөөдрийн /2022.12.23/ чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтохын зэрэгцээ, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдаж, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх олон талын ач холбогдолтой юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments