Н.Учрал: Хүний эрхийн шинжээч, хамгаалагч нар 24 цаг ажиллаж, цахим орчны зөрчилд дүгнэлт гаргадаг болно

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн хурлын дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал уг хуулийн төслийн төлөөр мэдээлэл өглөө.

Тэрээр “Цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл бол хувь хүний мэдээллийг хамгаалах юм. Цахим орчинд зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Цахим орчны халдлага сүүлийн жилүүдэд хоёроос гурав дахин өссөн. Залилангийн гэмт хэрэг цахим орчинд 2021 онд 3858 байсан 2022 онд 7708 болсон. Өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт нэгээс хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралдаж байгаа юм. 82 хувь нь зүй бус утгатай зурвасыг цахим сүлжээний хэрэглэгчдээс авч байсан байна. Эцэг, эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах хязгаарлах программ хангамжийн, тоон бичиг үсгийн ур чадвар байхгүй. Иймээс хүүхдээ цахим дарамтад өртөхөөс хамгаалж чадахгүй байна.

Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулиар хэн нэгэнд хариуцлага ногдуулж, зөрчин хянан шалгахгүй. Харин зөрчилтэй контентууд юу вэ гэдгийг хуульд зааж өгсөн. Жишээ нь, хүнийг амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулахыг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг, гэмт хэрэг зөрчлийг үйлдлийг нарийвчлан зааварласан, хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл амьдрахыг уриалж сурталчилсан зэргийг зөрчил гээд заагаад өгч байгаа юм. Гэмт халдлагатай тэмцэх нийтийн төв байгуулагдсан. Энэ төвийн дэргэд олон нийттэй харилцах мэргэжилтэн, хүний эрхийн шинжээч, хамгаалагч нар 24 цаг ажиллаж, цахим орчны зөрчилд дүгнэлт гаргана. Харин нийтийн төв энэхүү дүгнэлтийг хууль хяналтын байгууллага, олон нийтийн үйлчилгээ үзүүлэгч нарт, олон улсад итгэмжлэгдсэн байгууллагад шилжүүлж болно. 300000-аас дээш хэрэглэгчтэй олон нийтийн үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад биет төлөөлөгчийн газраа байгуулж болно. Цахим орчны хуурамч хаягийн тухайд баталгаажсан дугаар, и-мэйл хаягаараа бүртгүүлэх ёстойг зөвлөж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *