Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдох гажиг засах мэс засал хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн “уушгины венийн бүрэн буруу оролт” оноштой хоёр сартай нярайд мэс заслын эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийжээ. Хүүхдийн зүрхний төрөлхийн энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг.

Энэ удаагийн тохиолдол нь тус эмнэлгийн хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бүрэлдэхүүн анх удаа бие даан хийсэн бөгөөд өнгөрсөн онд тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зочин профессорын хамтарсан багаар дээрх тохиолдолтой ижил зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийж, ажлын байрны сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулсан байна.

УГТЭ-ийн хүүхдийн зүрхний мэс заслын баг нь 2012-2013 онд БНСУ-ын “Зүрхний сан”-ын дэмжлэгтэйгээр тус улсын Ионсэй Северэнси эмнэлэгт Монгол Улсын эрүүл мэндийн салбараас анх удаа багаараа бэлтгэгдсэн өндөр ур чадвартай мэс заслын баг юм. Цаашид энэ төрлийн хагалгааг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Тус эмнэлгийн хувьд Люксембург, Франц, Япон, Солонгос улсуудын хүүхдийн зүрх судасны мэс заслын багтай хамтарч жилд 5-6 удаагын ийм төрлийн хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулж эмч мэргэжилтнээ сургаж дадлагжуулахын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг өөрийн эх орондоо, чанартайгаар хийлгэх боломжоор ханган ажиллаж ирсэн билээ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *