ОХУ-ын төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев төмөр зам, эрчим хүчний төслүүдэд оролцох сонирхолтойгоо илэрхийлэв
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна.
Төлөөлөгчдийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах нь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ноён А.В.Гордеев тодотголоо.
Тэрбээр Монгол Улсад хэрэгжих дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний томоохон болон дагалдах төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын худалдааны нийт эргэлт жилийн дүнгээр 2.7 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн хэдий ч гадаад худалдаа бүтцийн хувьд Монгол Улсад өндөр алдагдалтай хэвээр байгааг тэмдэглэв. Иймд цаашид Монголын талаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ХАА-н гаралтай, ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум анхаарал хандуулж, бодит дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Талууд хоёр улсын хамтын ажиллагаа, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.