|

С.Чинзориг сайд аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга нартай цахимаар хуралдаж, үүрэг даалгавар өглөө

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Цахим хуралд ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар, ЭМДЕГ-ын удирдлага оролцож орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй болон цаашид анхаарч ажиллахтэй асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

 

Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ковид 19 цар тахлын улмаас сүүлийн гурван жилийн турш онцгой дэглэмд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад Засгийн газар, Эрүүл мэндийн яамны өмнөөс талархал илэрхийллээ. Тэрбээр энэ онд болон ойрын хугацаанд анхаарч ажиллах бодлого зорилтын талаар,
-2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслүүд дээр дорвитой анхаарч  ажиллана.
-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх жил болгон үндэсний хэмжээний хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжиж буй тогтолцоог боловсронгуй болгон зарим шаардлагатай тохируулгыг хийнэ. Салбарын шинэчлэлийг иж бүрнээр нь хийж чадаагүй хуучин тогтолцоон дээрээ гүйцэтгэлийн санхүүжилтийг  нэвтрүүлсэн нь лавлагаа шатлалын эмнэлгүүдэд илүү үр дүнтэй болсон ч гарааны ижил бус нөхцөл нь бусад шатлалынханд оновчтой зохицуулалт болж чадахгүй байгааг засах арга хэмжээ авна.
-Эрүүл мэндийн салбарт иргэдийн өгч буй үнэлэмж таатай бус байгаад дүгнэлт хийж юуны өмнө эмнэлгүүдэд мөрдөж ажиллах үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарна.
-Дотооддоо оношилж эмчилж чадахгүй байгаа өвчний жагсаалтад багтсан өвчнийг эмчлэх арга зүйг нэвтрүүлэх, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, нутагшуулах чиглэлд эрүүл мэндийн салбар дорвитой анхаарах ёстой гэдэг утгаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн удирдлагуудтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусгай захиалгат стратегийн бүтээгдэхүүн худалдан авах, санаачлагатай ажиллах заалт тусгах зэрэг тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж аймгуудын Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-үүдийн дарга нарт дараах үүргийг өглөө.

 

Үүнд,
1. Эрүүл мэндийн сайдын сахилга хариуцлагыг сайжруулах мэдээллийн ил тод нээлттэй байдлыг ханган ажиллах, эрүүл мэндийн ажилтны ёс зүй харьцаа хандлагыг өөрчлөх, иргэдийн өргөдөл гомдлын хариуг шуурхай шийдвэрлэн ажиллах 2023 оны 01 дүгээр  албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, заасан хугацаанд тайлагнаж ажиллах.
2. Сүхбаатар аймагт 2022 оны 12 дугаар сард галзуугийн вакциныг андуурч сүрьеэгийн вакцин тарьсан мэргэжлийн ноцтой алдаа нь тус эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд олон солигддог, ажил хавсран гүйцэтгэдэг, ажлын байрны давтан сургалт, дадлагажуулалт хангалттай хийгдээгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандарт, зааврыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй, чанар аюулгүй байдлын дотоод хяналт сул байгаатай холбоотой. Тиймээс бүх аймгийн Нэгдсэн эмнэлэг БОЭТ энэ тал дээр анхаарч, аймгийнхаа ЭМГ-т байгаа вакцинуудын хадгалалтын горим, хаяг шошго зэрэг шаардлагатай хяналтыг хийх.
3. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй, мэргэжлийн ноцтой алдаа гаргаагүй тохиолдолд халаа сэлгээ, томилгоо хийхийг хориглоно.
4. Байгууллага бүр санхүүгийн менежментийг сайжруулж 2023 онд өр төлбөргүй ажиллах.
5. 2022 онд Засгийн газрын 11-11 төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 7895  өргөдөл гомдол ирүүлсний 10 хувь буюу 700 гаруй нь  эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны харилцаа хандлагатай холбоотой байна. Тиймээс үйлчилгээний соёлыг дээшлүүлж, эмч эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагыг сайжруулах тал дээр анхаарахыг үүрэг болголоо.

 

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тодорхой үүргүүдийг өгсөн.
-Иргэд эмнэлэгт ирэхэд ор байхгүй хүлээлгэх, зориулалтын бус нөхцөлд хүлээж авах байдлыг гаргах байх, ялангуяа томуу, томуу төст өвчний оргил үед эмнэлгийн орны зохицуулалтаа тухай бүрт оновчтой хийж, орны зохицуулалт, хүлээгдэл, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээллээ шуурхай ирүүлж ажиллах.
-Эрүүл мэндийн сайдын “Улсын хэмжээнд 2022-2025 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах орны дээд хязгаар”-ыг тогтоосон 2022 оны А/475 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах.
-2020-2022 онд орон нутгийн эмнэлгүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр хангах бодлогыг хэрэгжүүлсэн. Иймд тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж бүрэн ашиглах чиглэлээр эмч эмнэлгийн мэргэжилтнээ тасралтгүй сургах, төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдтэйгээ хамтран ажиллах.
-Эх, хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх, жирэмсний эрт үеийн  хяналтын хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
-Эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 803 793 хүн хамрагдсаны 49 хувь нь Улаанбаатарт, 51 хувь нь орон нутагт  байна. Аймгуудын хүн амын эрт илрүүлгийн хамрагдалтын дундаж хувь 23,1 байгаа тул эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдалтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.
-Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, вакцинатор сувилагч нарыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарах, шинэ мэргэжилтэн, ажилтныг дархлаажуулалтын сургалтад заавал хамруулан үйл ажиллагаанд оролцуулах. Вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, хэрэглэх, нөхөн хангалт хийх, устгах үйл ажиллагаанд онцгой анхаарч батлагдсан тушаал, зааврыг мөрдөн  ажиллах;
-Улирлын томуугийн идэвхжил Европ болон  Зүүн өмнөд Азийн зарим оронд босго үзүүлэлтээс давж, манайд томуу, томуу төст өвчний оргил үе болж байгаатай холбогдуулан улирлын томуугийн эсрэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт 18,9 хувь байгааг онцгойлон анхаарч нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.

 

Цахим хуралд оролцсон аймгуудын Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн удирдлагууд орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй түргэний машины хүрэлцээ хангамж, оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцтэй холбоо асуудлуудаас гадна салбарын хууль эрх зүйн шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар саналаа хэлсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *