Цэцэг өвчин бүртгэгдсэн Дорнод, Төв аймгаас хонь авахгүй байхыг анхааруулав
2023 он гарсаар Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Булган, Чойбалсан, Төв аймгийн Баянчандмань сумдад хонины цэцэг өвчин бүртгэгдэж, одоогоор хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 19-ний өдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас 21 аймгийн Мал эмнэлгийн газарт чиглэл өгсөн байна. Тухайлбал, Мал эмнэлгийн ерөнхий газраас аймгуудын холбогдох албаныханд хонины цэцэг өвчин бүртгэгдсэн бүс нутаг болоод түүнтэй ойр Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан, Чулуунхороот, Хөлөнбуйр, Хэрлэн сум, Төв аймгийн Баянчандмань сумаас үржлийн зорилгоор хонь солих, бэлгэнд авах, бэлтгэн нийлүүлэхгүй байх чиглэлийг иргэдэд өгөхийг даалгажээ.