Жастин Бибер бүх уран бүтээлийн эзэмших эрхээ 200 сая доллароор заржээ
Дэлхийн залуу поп оддын нэг Канадын дуучин Жастин Бибер өөрийн бүх уран бүтээлүүдийн эзэмших эрхийг бөөнд нь $200 саяар зарсан тухай Hipgnosis Songs Capital компани өчигдөр зарлажээ.
$1 тэрбумын хөрөнгө оруулалттай Hipgnosis Songs Capital нь санхүүгийн аварга корпорац Blackstone болон Британийн Hipgnosis Song Management компанийн хамтран байгуулсан хөгжмийн менежмэнтийн компани юм.
Сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийн урт настай бүтээлүүдийг бүхэлд нь худалдаж аваад хугацааны турш янз бүрийн хэлбэрээр орлогын эх үүсвэр болгон ашигладаг бизнесийн загвар дэлгэрч эхлээд байна. Өөрөөр хэлбэл хөгжмийн бүтээлийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгож байгаа юм.
Өмнө нь Боб Дилан, Брюс Спрингстин зэрэг ахмад уран бүтээлчид ийм гэрээ байгуулж, бүтээлүүдийн каталогоо мөнгө болгож байсан бол бас орчин үеийн уран бүтээлчид ч бас ингэдэг болоод байгаа. Тухайлбал Биберээс өмнө поп од Шакира ийм гэрээ байгуулсан юм.
Sony компанид каталогоо хагас тэрбумаар зарсан Брюс Спрингстиний хувьд энэ нь насаараа туурвисан оюуны бүтээлүүдийнхээ үр шимийг хүртэх сайхан боломж байв.Харин ид уран бүтээлээ туурвиж яваа залуу дуучдын хувьд ийм гэрээ зарим талаар эрсдэлтэй байж болзошгүй гэж үздэг.Эх сурвалжуудын мэдээлснээр Hipgnosis компани Биберийн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гаргасан 290 орчим уран бүтээлийн эрхийг худалдаж авчээ.Үүнд түүний “Baby”, “Sorry” зэрэг хит дуунууд багтсан байна.
Бага насандаа YouTube платформд олны танил болж байсан 28 настай Жастин Бибер сүүлд дэлхийн хэмжээний од болж, цомгууд нь 150 сая гаруй хувь борлогдсон юм.Түүний цомгууд Биллбордын жагсаалтад найман удаа тэргүүлж, дуунууд нь зөвхөн Spotify сүлжээгээр 32 тэрбум гаруй удаа цацагдаж байжээ.
Эх сурвалж: AFP