Т.Хүрэлбат: Миний бие яах вэ, 31-ний өдөр хүртэл ҮХЧИХГҮЙ бол сууж л байна
Сүхбаатарын талбайд дүүгээ суллахыг шаардан нойтон өлсгөлөн зарлаад 5 хонож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Талбайд 5 хоночихлоо. Биеийн байдал ямархуу байна вэ?
-Ядарч байгаагаас өөрөөр өвдөж зовсон зүйл алга.
-Эмчийн үзлэг тогтмол хийлгэж байгаа юу?
– Амин үзүүлэлтүүдийг хялбаршуулж машинд хийж байна. Өнөөдөр шинжилгээ өгсөн орой хариу нь гарна.
-ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж тантай өчигдөр ирж уулзлаа. Юу ярьсан бэ?
-Ер нь Хууль зүйн сайдад ч цагаатгах эрх мэдэл байхгүй. Шүүхийн байгууллагын шийдвэр л чухал. Ц.Нямдорж гуай надтай тодорхой гурван зүйл л ярьсан. Биеэ бодох тухай сануулж, даралт хэд хүрч буйг асуулаа. Энэ асуудлыг нааштай болгох байр суурин дээрээ хэвээр байгаа гэх хүрээнд л ярилаа. ЗГХЭГ-ын дарга энэ асуудлыг ганцаараа шийдэхгүй нь тодорхой.
-Та ХЭҮК-д өмнө нь хоёр өргөдөл гаргасан. Эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол гаргасан уу?
-Зөвхөн эрүүдэн шүүсэнтэй холбоотой л өргөдөл гаргасан. Тухайн үеийн ХЭҮК хөдөлж өгөөгүй. Шүүх, прокурорын ажил болон мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс оролцох эрхгүй гэсэн тайлбар хэлсэн.
-Энэ хэрэгт улстөр, сонгуулийн нөлөө ордог гэдэгтэй санал нийлэх үү?
-Бохир улс төрчдийн л нөлөө шүү дээ. Шүүгч нар илэрхий баримт байхгүй байхад хүн ялласан. Хатаст хэрэгт, н.Бархасбадь гээд тагнуулын хулгайч бий. Тэр хүн Т.Чимгээ, Содномдаржаа, Булган, Бат-Үүл нар нийлээд алсан гээд нотлох баримтаар нотлогдсон гэж үзээд Э.Бат-Үүлийг татсан. Тэгсэн хэрнээ Ганхуяг, Булган нарыг 9-10 сар хорьсон. Тэгснээ нотлогдохгүй байна хэмээн сулласан.
Э.Бат-Үүлыг н.Батжаргал гэж прокурор энэ хавтаст хэрэгт нотлогдохгүй байна гэж үзэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Чимгээ, Содномдаржаа нарыг суллаагүй. Ийм будлиантай, илэрхий зүйлийг шүүсэн шүүгч нар бүх эрхээ эдэлж байна.
-Сүүлийн бичлэг задарснаар энэ хэрэгт шинэ нөхцөл байдал үүсч байна гэж харсан. Гэтэл бичлэгүүд анхнаасаа хэргийн материалд байсан гэж хуульчид тайлбарлаж байна. Энэ нь хэрэг шинээр үүсэх нөхцөлд хүрээгүйн нэг илрэл болоод байна. Таны энэ суулт хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
-Ямар ч байсан 31-ний өдрийн шүүх хурал хүртэл суултаа үргэлжлүүлэх бодолтой байна.
-Шүүх хурал боллоо ч цагаатгана гэсэн баталгаа байхгүй. Та юунд найдаж олон хоногоор суулт хийж байгаа юм бэ?
-Үнэндээ шүүх хурлаас нааштай шийдвэр гарна гэдэгт итгэхгүй байгаа. Гэхдээ миний дүү олон зүйл дээр буруугүй гэдэг нь нотлогдож байгаа. Тиймээс дүүгээ суллуулахыг шаардаж байгаа юм. Миний бие муудах яах вэ гээд санаа нь зовж суугаа хөдөө үлдсэн өндөр настай ээжийгээ бодох юм. Тэрнээс биш надад амиа авж гарах санаа алга. 31 хүртэл ямар ч байсан үхчихгүй сууж л гэсэн бодолтой байна.