ТЦА: Зайсангийн замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан нь эерэг үр дүнтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов.
Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 181 хяналтын цэгт давхардсан тоогоор 496 алба хаагч ажиллаж, 41,801 зөрчил илрүүлсэн. Харин хяналтын камераар 24,554 зөрчил илрүүллээ. Зам тээврийн ослын дуудлага 3187 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар буурсан үзүүлэлт. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 551 зөрчил илрүүлснээс 11 нь осол гаргасан. Зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үеэс буурсан” гэж танилцууллаа.
Мөн ослын улмаас нас барсан хүн болон эд материалын хохирол буурсан ч гэмтсэн хүний тоо өсжээ. Зайсан толгойн авто замын хөдөлгөөнд нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулж, зохион байгуулалтын арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний хурд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн 07:00-08:00 цагийн хооронд 44, 12:00-13:00 цагийн хооронд 16, 17:00-18:00 цагийн хооронд 84 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан байна.Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль эхэлсэн болон Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгджээ.