Франц даяар тэтгэврийн нас нэмэхийг эсэргүүцсэн ажил хаялт болж байна

Тэтгэврийн нас нэмэх төлөвлөгөөг эсэргүүцсэн ажил хаялт Франц даяар өрнөж байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд олныг хамарсан хоёр дахь томоохон ажил хаялт болж буй.

Нэгдүгээр сарын 19-нд болсон өмнөх ажил хаялтад сая гаруй хүн оролцсон бол энэ удаагийн жагсаал улам хүрээгээ тэлж хоёр сая хүн оролцох төлөвтэй байгааг зохион байгуулагчид нь хэлж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэвэрт гарах насыг 62 байгааг 64 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол улсын хэмжээнд өсөн нэмэгдсээр байгаа тэтгэвэр авагчдыг цаашид тэтгэврийн сан тэтгэх боломжгүй болно гэж Макроны засаг захиргаа үзэж буй.

Өмнө нь 2010 онд Николя Саркози Ерөнхийлөгч байхдаа тэтгэвэрт гарах насыг 60 байсныг 62 болгож нэмэгдүүлсэн юм. Тухайн үед энэ шийдвэрийг эсэргүүцсэн томоохон жагсаал мөн Франц даяар өрнөж байсан.

Энэ удаагийн ажил хаялтад найман томоохон үйлдвэрчний эвлэл оролцсон бөгөөд бага сургууль, цэцэрлэгийн багш нар, нефть боловсруулах үйлдвэрийн ажилчид, дулааны болон цөмийн цахилгаан станцын ажилчдын 75 хувь нь оролцжээ. Үүнээс болж Францын цахилгаан эрчим хүчний EDF компанийн үйл ажиллагаа 4,5 хувиар буурсан байна. Түүнчлэн жагсаалд ахлах ангийнхан оролцжээ.

Ажил хаялтаас болж  автобус, галт тэрэг, метро, трамбай зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд саад учирсан байна.

Өчигдөр Парис хотод жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж 30 гаруй хүн баривчлагджээ.

Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар нийт сонгогчдын гуравны хоёр нь тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа аж. Францад тэтгэврийн насыг 64 болгож нэмсэн ч Европтоо хамгийн бага тэтгэврийн настай орнуудын нэг хэвээр байх юм. Тухайлбал Итали, Германд тэтгэвэрт гарах нас 67 бол Их Британид 66, Испанид 65 нас байдаг ажээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *