Японд чөлөөт бөхийн тэмцээнд 17 настай монгол хүү түрүүлжээ
Бүх Японы ахлах сургуулийн чөлөөт бөхийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд 17 настай монгол хүү Б.Намбардагва түрүүлжээ.
Уг “Казама Кап” нэртэй тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужид болсон байна. Тус тэмцээнд “Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва 125 кг-ын жинд зургаан барилдаан хийж алтан медаль хүртсэн байна.
Домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг “Ичиши” залуучуудын клубийн багш Р.Баяраа түүнийг 2020 онд уг сургуульд оруулсан байна. Б.Намбардагва нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын начин Дугардоржийн Батбаярын хүү юм.