Гэмгүй иргэнд 15 хэрэг тохсон гурван цагдаагийн ялыг хэвээр үлдээлээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Д.Чинбат, Г.Гандалай, Л.Батцэнгэл нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч ирсэн. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэмгүй хүнийг эрүүдэн шүүж, 15 хэрэг тохсон цагдаа нарыг гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцсэн.
Тодруулбал, гэмгүй иргэнд 15 хэрэг тохож, эрүүдэн шүүсэн цагдаа нар болох Д.Чинбат, Г.Гандалай, Л.Батцэнгэл нарыг 2022.01.04-05-ны өдрүүдэд хуралдсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож цагдаа тус бүрд нь долоон сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Мөн гурван цагдаагийн нэг нь болох Д.Чинбатын нотлох баримт будлиантуулсан хэрэгт нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 12.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгээд өнгөрсөн.
Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж цагдаа нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Дашрамд дуулгахад, цагдаа нар хэрхэн эрүүдэн шүүсэн талаар хохирогч Д “… миний өөдөөс ирээд баруун гараараа зүүн хацар руу 2 удаа алгадсан. Би 2 дахь алгадалт дээр нь хажуу тийшээ, биеийнхээ баруун хэсгээр газарт унасан. Би газарт унахад тэр дарга нь гэх эрэгтэй баашлаад байгаарай бос гээд зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би боссон… Ариун цэврийн өрөөнд байхдаа гар утсаар бичлэг хийж байсан ба Ч, Б хоёр ээлжлээд бичлэг хийсэн…. зүүн гарын булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хажуугаас нь Ч “чи үнэнээ хэл, хэнээс авсан юм бэ гээд” зүүн талын хавирга хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон, Б цагдаа зүүн гуяны дээд хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж цохисон, мөн шилбэ хэсэг рүү гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн, урд талд зогсож байгаад гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн. Тэр хоёр ээлжлээд л над руу ирээд өшиглөх, цохихдоо 2-3 удаа цохих, өшиглөх байдалтай байсан. …” хэмээн мэдүүлсэн байдаг.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаа нарыг эрүүгийн хуулийн
21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах
2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах
1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус зааснаар ял оноосон.
Өөрөөр хэлбэл, шүүхээс цагдаа нарт хорих ял оноож болох байсан ч торгох ял оноогоод өнгөрсөн юм. Харин гэмгүй иргэнийг эрүүдэн шүүсэн цагдаа нар торгуулахгүй хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг нь хэвээр үлдээсэн нь энэ юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *