BBC: Дэлхийн хүн амын дөрөвний нэг Фэйсбүүкийг өдөр тутам хэрэглэдэг болжээ

Өнгөрсөн шөнө дэлхийн хамгийн том сошиал платформ Фэйсбүүкийг эзэмшигч Мета компани сүүлийн улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

2022 оны сүүлийн гурван сард тус компанийн орлого $32.2 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Гэхдээ онлайн зар сурталчилгааны бизнес хямарсан энэ хүнд цаг үед төсөөлснөөс сайн үр дүнтэй гарсан гэж шинжээчид дүгнэсэн байна.

Энэ хугацаанд Фэйсбүүкийн хэрэглэгчийн тоо жилийн өмнөхөөсөө 4 хувиар өссөн нь бас эерэг үзүүлэлт болжээ. Тэр ч байтугай зах зээл нь ханасан гэж үздэг Европ, АНУ, Канадад хэрэглэгчдийн тоо өссөн нь сайн үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус платформыг өдөр бүр хоёр тэрбум хүн идэвхтэй хэрэглэсэн нь дэлхийн хүн амын дөрөвний нэг орчим болжээ.

Эерэг мэдээ цацагдсаны дараа хөрөнгийн зах зээл дээр Мета компанийн хувьцааны ханш 15 хувиар өссөн юм. Фэйсбүүкээс гадна Instagram, WhatsApp платформуудыг эзэмшдэг Мета компани өнгөрсөн онд ажиллах хүчнийхээ 13 хувийг буюу 11,000 ажилтнаа цомхотгосон. Үүний үр дүнд зардлаа $4.6 тэрбумаар танаж, 2022 оны нийт ашиг нь $23.2 тэрбумд хүрсэн байна.

2023 оныг “үр ашигтай ажиллагааны жил” болгон зарлаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг мэдэгджээ.

“Бид одоо өмнөхөөсөө өөр орчин нөхцөлд ажиллаж байна. Бид үүнийг цаашид үргэлжилнэ гэж бодохгүй байгаа ч бас хуучин цаг үе буцаж ирнэ гэж найдахгүй байна. 2022 он хүнд хэцүү жил байсан ч бид амжилттай дуусгаж чадсан гэж би үзэж байна” гэж тэр хэлсэн юм.

2023 онд хэмнэлттэй, зардал багатай ажиллах амлалт, хэрэглэгчдийн тооны өсөлт зэрэг сайн мэдээнүүд нь Метагийн ирээдүйд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээжээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *