Өнөөдөр нэрт жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр
Дамдины Сүхбаатар (1893 оны 2 сарын 2 – 1923 оны 2 сарын 20) нь Монголын ардын нам, Төрийг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн зүтгэлтэн, Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан хүн юм. Олон түмнээ “гоймон баатар” хэмээн алдаршсан.
Тэрбээр энэ өдөр өнөөгийн Улаанбаатар хот буюу тухайн үеийн Амгаланбаатар хотод харц ядуу ард Дамдины хүү болон мэндэлжээ.
Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болжээ. Д. Сүхбаатарт орчин үеийн цэргийн тактикаар хэрхэн байлдах, пулемёт буугаар хэрхэн буудах зэрэг цэргийн эрдмийг тэр үед Хужирбулангийн цэргийн сургуульд сургагч багшаар ажиллаж байсан хаант Орос улсын цэргийн офицер, монголчуудын дунд “сахалт” хэмээн алдаршсан Васильев гэдэг хүн сайтар зааж сургасан ажээ. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д. Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байв.Тухайлбал 1914 оны зун Хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ. Д. Сүхбаатар Богд хаант Монгол улсын цэргийн албанд зүтгэж байхдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ.
Товч намтар
- 1893.02.02-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг суржээ.
- 1911 онд цэргийн албанд орж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
- 1918 онд эх орноо гадны түрэмгийлэлээс чөлөөлөх дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
- 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
- 1921.03.01-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
- 1921.11 сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлтийн удирдагч Владимир Ильич Ленинтэй уулзав.
- 1922.07 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.
- 1923.02.20-нд 30-н настайдаа таалал төгссөн. (Хорлогдож нас барсан гэж үздэг).