ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудын эс үйлдэхүй хувийн хэвшлийг элгээр нь хэвтүүлжээ
Төрийн хүнд суртлаас болж ажил нь зогссон “Дархан арьс ширний цогцолбор” төслийн гүйцэтгэгчид Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгчээ.
Уг гомдлыг шүүх хүлээн авч, тус яамыг хариуцагчаар татаад байгаа аж. Тус гомдолд “2020 онд Засгийн газрын 185, 234, 178 дугаар тогтоолууд батлагдсанаар ХХААХҮЯ нь “Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх, Бодлогын гэрээг хэрэгжүүлэн дүгнэж, зээлийн хүүгийн татаасыг өгч, төслийн ажлыг цааш үргэлжлүүлэн явуулах байсан ч ХХААХҮЯ үүргээ биелүүлээгүй.
Мөн ХХААХҮЯ-ны Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж, дэд бүтэц барих үүргээ биелүүлээгүйгээр үл барам өөр газар ижил төсөл эхлүүлсэн. Түүнчлэн “Бодлогын гэрээ”-г хэрэгжүүлээгүй зэрэг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-иас төслийн бүтээн байгуулалтанд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон хувийн хэвшлийн өөрийн хөрөнгөөр хохироод байна.
“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-иас хохирол нэхэмжилсэн шаардлагатайгаа холбоотойгоор ХХААХҮЯ-иас 25 га газар дээр ижил төсөл хэрэгжүүлэх болсон тушаал, шийдвэрийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт өгч, шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч ХХААХҮЯ өнөөдрийг хүртэл уг тушаал, шийдвэрийг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Шүүхээс шүүх хурлыг хэдэнтээ товлосон ч ХХААХҮЯ-наас бичиг баримт гаргаж өгөх боломжгүй, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшлуулжээ. Эндээс анхнаасаа ХХААХҮЯ Засгийн газрын шийдвэргүйгээр үйлдвэр барьж эхэлсэн үү гэх хардлагыг дагуулж байгаа юм. Олон удаа хойшилсон тус хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна.