15 настай охин аймгийнхаа эмнэлэгт дөрвөн удаа очсон ч, тусламж авалгүй байсаар амиа алджээ
Өнгөрөгч нэгдүгээр сарын 13-ны өдөр 15 настай хүүхэд үе тэнгийнхээ гурван хүүхдэд зодуулж, тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй байна. Улмаар охин эмнэлгийн байгууллагад дөрвөн удаа очсон ч, тусламж авч чадалгүй байсаар энэ сарын 28-ны өдөр нас барсан юм.
Амиа алдсан охины ээж, эмнэлгийн байгууллагад хандсан ч, эмч мэргэжилтнүүд хайхрамжгүй хандсанаас хүүхэд нь амиа алдсан хэмээн үзэж гомдолтой буй. Тэрбээр:
“Миний охин үеийнхээ гурван хүүхдэд толгой руугаа цохиулж ирээд толгой өвдөөд байна гээд эмнэлэг орж толгойгоо боолгосон. Охины минь бие хүнд байсан учир эмчид үзүүлсэн. Ярих дургүй, бие сэтгэл санаа их зовиурлангуй байсан. Эмч дуудаад үзүүлэхэд толгой тархи нь эрүүл, эмийг нь уулга гэж хэлээд явуулсан. Тухайн шөнөдөө шөнөжин бөөлжөөд, өглөө бие нь тавгүй байсан учир би лам очиж үзүүлье гэхэд охин “Миний толгойд лантуугаар цохиод байгаа мэт өвдөөд байна” гэж хэлсэн. Тиймээс би охиноо эмнэлэг дагуулаад явтал эмч нар нь “Эрүүл хүүхэд үзүүллээ” гэхээр нь “Охин их зовиуртай байна” гэж хэлээд хэвтүүлсэн. Гэтэл гэнэт гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлнэ, хувцсыг нь бэлд гэж хэлээд би яаралтай унаа аваад гэрээсээ хувцсыг нь аваад иртэл эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байсан. Би өнөөдөр өглөө эрүүл хүүхэд авчирсан, гэтэл ийнхүү амиа алдчихлаа” гэв.
Харин Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч : н.Алтансарнай
“Талийгаач охин хамгийн анх эгчтэйгээ ирэхэд тусламж үйлчилгээ үзүүлээд, оёдол тавиад, эмийн эмчилгээний зөвлөгөө өгөөд, гэмтлийн амбулаторд үзүүлэхийг зөвлөөд буцаасан. Нэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үйлчилгээ авсан. Ийнхүү 28-ны өдөр биеийн байдал дордсон, амин үзүүлэлт буурсан нөхцөл байдал тогтоогдсон учир тархи, нугасны ус авах, компьютерийн томографф шинжилгээ авсан. Охины тархины зүүн хэсэг гэмтсэн байсан. Бид удирдамжийн дагуу эмчилгээ хийж байсан ч, хүүхэд амиа алдсан.” гэв.