Ж.Батбаясгалан: Чийгтэй нүүрснээс болоод иргэд угаартсан гэвэл хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй
Таван толгой түлш ХХК-ын 2021, 2022 онуудад үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш, хатаах төхөөрөмжгүйгээс чийгтэй гарч, түүний улмаас иргэд олноор угаартаж нас барсан гэх хардлага бий. Уг асуудалтай холбоотойгоор ТУЗ-ийн дарга асан Ж.Батбаясгалан дараах тайлбарыг өгөв.
“2021 он маш хүнд он жил байсан. Монгол улс 100 хувь үйлдвэрлэгч орон биш. Бид хамгийн багадаа 600.000 тонн шахмал түлш хэрэглэж байна. 2021, 2022 оны талд улс орнуудын нөхцөл байдлаас шалтгаалж шинэ үйлдвэр барих, тоног төхөөрөмж гацах зэрэг асуудлууд цаг хугацааны асуудал үүссэн.Үйлдвэрийн нөхцөл байдлын тухай бид одоо хэлэх боломжгүй. Учир нь би энэ ажилд оролцохгүй байна. Тухайн үедээ бол МУЗГ тэр чигтээ анхаарч ажиллаж байсан. Компани ч боломжит хувилбираар бүхий л хүчин чадлаараа ажилласан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд цаг, минут алдах боломжгүй, уралдаж ажиллаж байсан. Бид компанийн дүрэм журамд заасны дагуу л ажилласан. Хэрэв шахмал түлштэй холбоотой асуудал байгаад баримт байвал хуулийн байгууллагаар нь шалгуулах нь зөв болов уу” гэв.