У.Цогтбаяр: Өмнө нь байцаагдаж байгаагүй газарт дуудагдсан учир болзошгүй зүйлд бэлтгэлтэй байна
Ноён IZ буюу Г.Ирээдүй, жүжигчин У.Цогтбаяр нарыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татаж, 2-8 жилийн ял төлөвлөж байгаа тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Тодруулбал жүжигчин У.Цогтбаярыг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа бол IZ-г 2021 онд гаргасан IZ токентой холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Жүжигчин У.Цогтбаярын хувьд нүүрсний хулгайн эсрэг иргэдийн жагсаалд түүчээлэн оролцож, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсээр багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм.
У.Цогтбаяр, Г.Ирээдүй нар жагсаал цуглаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад дуудагдаж мэдүүлэг өгсөн, яллагдагчаар татагдсан эсэх тухай мэдэгдээгүй байна гэх тайлбарыг өгөөд буй. У.Цогтбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа:
“Өмнө бичсэн пост, хийсэн жагсаалаас болж 4,5 удаа цагдаад дуудагдаж байцаалт өгсөн. Ус ч ууж чадахгүй олон цаг байцаалтын өрөөнд байх их хэцүү юм билээ. Энэ удаа огт дуудаж байгаагүй Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудсан учир би дотроо эмээж байлаа. Тиймдээ ч ажлаа зохицуулаад болох зүйлд бэлтгэлтэй ирсэн. Намайг жагсаал цуглаанаар далимдуулж төрийн эрхийг авах гэж оролдсон, БНХАУ-тай холбоотой гэх үндэслэлүүдээр байцааж байгаа. Дуудагдаад очихоор ямар ч үндэслэлгүй, гомдол гаргасан эзэн холбогдогчгүй байгаа нь их сонин” гэв.
Хэрэв тэдний гэм буруутай үйлдэл тогтоогдвол хуулийн байгууллагаас 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх заалттай аж.