Х.Баттулга: Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар
“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчлийн талаар хэлэлцэж буй. Сонсголд Тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонсголд оролцож, өөр байр сууриа хэллээ.
“Юу нь болохгүй, буруу байгаа юм? Би ер ойлгохгүй байна. Засгийн газрын бодлогын хүрээнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн.
35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн. Энэ бол тийм амар ажил биш. Дэд бүтэц буюу логистик, авто зам, төмөр замаа барьсан. Усаа олсон. Юун татан буулгах асуудлыг яриад байна вэ?
Энэ ажлыг би өөрөө хариуцаад ажиллавал босгож чадна. Би Монгол Улсад аж үйлдвэрийн парк байгуулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй хэвээр байдаг. Энэ ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Ажлын байрыг массаар нь бий болгодог зүйл бол аж үйлдвэр шүү! Уулзаад ярья л даа, хэдхэн монголчууд асуудлаа ойлголцоод ажлаа явуулж болдоггүй юм уу? гэв.