Б.Энх-Од: Манай цэргийн эмч, сувилагч нар сэтгэлзүйн хувьд ямар ч нөхцөлд дасан зохицох бүрэн чадвартай
БНТУ-ын ард түмэнд туслахаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч нар дэд хурандаа Л.Лувсандоржийн удирдлага дор гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн гэсэн гурван чиглэлээр үүрэг гүйцэтгэх цэргийн эмч, эмнэлгийн ажилчдын баг зорьсон газраа саадгүй хүрсэн талаар бид мэдээлсэн билээ.
Харин тэдгээр эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд ямар дадлага, туршлага, ур чадвар бүхий алба хаагчид багтан үүрэг гүйцэтгэж буй талаар Цэргийн төв эмнэлгийн дарга Ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Одоос тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Манай эмч, эмнэлгийн ажилчид яг одоо Газиантэп хотод газардаад байна. Бие бүрэлдэхүүн тун удахгүй үүрэг гүйцэтгэх газар орондоо цэргийн хээрийн II шатны эмнэлгийг дэлгэж эмнэлэг-хүмүүнлэгийн үйл ажиллагааг үзүүлж эхэлнэ. Эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд мэс засал, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эмч, сувилагч нар үүрэг гүйцэтгэж байна. Тус бүлгийн үндсэн үүрэг нь анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Ташрамд дурдахад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай Цэргийн төв эмнэлгийн үе үеийн цэргийн эмч, эмнэлгийн ажилтнууд энхийг сахиулах ажиллагаанд оролцон дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байсан туршлагатай. БНТУ-ын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний хувьд ч мөн адил БНӨСУ, Чад, Сьерра-Леон, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Тэр дундаа 2010 оноос хойш Бүгд найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэгдэхэд хээрийн эмнэлгийн хагалгааны орчинд багагүй туршлага хуримтлуулж чадсан. Тиймээс манай эмч, сувилагч нар бие болоод сэтгэл зүйн хувьд ямар ч нөхцөлд дасан цохицох бүрэн чадвартай”гэлээ.