ГХЯ: Солонгост осолд орсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбоо барьсан
БНСУ-д Монгол Улсын 3 иргэн осолд өртөж нэг нь амиа алдсан хэрэг өчигдөр гарсан.Эх сурвалжийн мэдээллээр. Өчигдөр өглөө 00:30 минутын үед Генги аймгийн Шихин хотод байрлах нэгэн үйлчилгээний төвийн 3 давхраас 3 хүн унасан бөгөөд нэг нь амиа алдаж, хоёр нь хүндээр бэртжээ.
Монгол Улсын иргэншилтэй 3 иргэн тус үйлчилгээний төвд байрлах уушны газарт үйлчлүүлж байхдаа осолдсон аж. Тэднийг тамхи татаж байхад хашлага нурж унасаны улмаас осолдсон аж.
Одоогоор нарийвчилсан шалгалтыг хийж байгаа бөгөөд тус үйлчилгээний төвд 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байсан уушны газарт хариуцлага тооцох асуудал ч яригджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
-Осолд орсон Монгол иргэдийн ар гэрийнхэнтэй холбоо барьсан уу?
-Ар гэрийнхэнтэй холбоо барьсан. Мөн бид БНСУ-ын цагдаагийн байгууллагатай холбоо тогтоон мэдээлэл солилцон ажиллаж байна.
-Хууль ёсоор амьдарч байсан иргэд үү?
-Тэр талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна. Ар гэрийнхэнд нь хүндээр тусдаг учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Нөхөн төлбөрийн асуудал яригдах байх. Эмчлүүлж байгаа хүмүүсийн зардлыг хэн хариуцах вэ?
-Хэргийг тухайн улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир одоо энэ талаар ярихад эрт байна.
Т.НОМИН