ТОДРУУЛГА: Иргэдийн бүх орлогоос НДШ авдаг жишиг дэлхийд ч байхгүй, ташаа мэдээлэл
Иргэд олон нийтийн дунд иргэдийн бүх орлогоос НДШ авна гэх мэдээлэл түгээд буй. Энэ тухай ХНХЯ-ны ТНБД Г.Өнөрбаяр тодруулга өглөө. Тэрбээр:
“Энэ удаагийн хуулийн төсөл, даатгуулагчдад ашигтай гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй. Энэ хуулийн төсөл дээр иргэд, олон нийт, ажил олгогчдын зүгээс хүсэж байсан бүх зохицуулалтуудыг оруулж өгсөн. Олон нийтийн дунд яригдаад байгаа зүйлд андуурал болсон байна. Тиймээс товч мэдээллийг өгье.
Нэгдүгээрт иргэдийн бүх орлогоос НДШ авна гэсэн ойлголт байхгүй. Тийм жишиг дэлхий дахинд, манай одоогийн хуулинд ч байхгүй. Бидний өргөн барьсан хуулийн төсөлд тийм үзэл санаа байхгүй. Одоогийн бидний өргөн барьсан хуульд ямар өөрчлөлт орсон бэ гэхээр НДШ-ийн тогтолцооны буюу системийн өөрчлөлт орсон. Нас, орлого, шимтгэлтэй холбоотой өөрчлөлт ороогүй ээ. Бүх төрлийн орлогоос НДШ авна гээгүй. Ташаа мэдээлэл. Буруу мэдээлэл яваад байна. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр яг хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан” гэв.