С.Одонтуяа: Монгол Улсын сонгуулийн тухай хууль өнөөдрийн нийгэмд нийцэхгүй байна
Зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж анхны Зөвлөлдөх санал асуулгынхаа Нэгдүгээр үе шатыг 2023 оны 01 дүгээр сард зохион байгуулсан. 2023 оны 02 дугаар сарын 14, 15-нд хоёр дахь шатны Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөлдөх уулзалт болох юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Миний хувьд бол Монгол Улсын Сонгуулийн тухай хууль өнөөдрийн нийгэм, амьдралд нийцэхгүй байна. Сонгуулийн тухай хууль бол пропорциональ, дэвшилттэй, ардчилалтай,зардал мөнгө бага ордог ийм л Сонгуулийн тухай байх ёстой. Ийм сонгуулийн тухай хуулийг бий болгохын төлөө улс төрийн намууд санаачилж, улмаар олон удаагийн хэлэлцүүлэг хийж ажилласан.
Шинэ Үндсэн хуулийн асуудлаар бол миний хувьд ч, Ардчилсан намын гишүүдийн хувьд ч бид дэмжихгүй. Нэгдүгээрт: Цаг хугацааны асуудал, Хоёрдугаарт: Энэ шинэ хуулийн төсөлд маш олон дэмжиж, хэлэлцэж болохооргүй заалтууд их орсон байгаа.
Иргэд улс төрийн систем чинь болохгүй байна гэвэл улс төрийн тогтолцоогоо өөрчлөх, Эдийн засаг болохгүй байна. Бизнесийн эрх чөлөө алга боллоо. Бизнес эрхэлдэг хүмүүст маш их дарамттай боллоо. Үүнийг өөрчлөх ёстой гэвэл бүгдийг нь өөрчилье. Ард иргэдийн хүсэж байгаа өөрчлөлтүүдийг хийхийн тулд Зөвлөлдөх санал асуулгыг үр дүнтэй болгох нь чухал юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдах тохиолдолд зөвхөн парламентын ардчиллыг боловсронгуй болгоход бид ажиллахад бэлэн байна.