Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн өчигдөр 90 хүрчээ
Африк тивийн Камерун улсын ерөнхийлөгч Пол Бияа өчигдөр буюу Даваа гарагт 90 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. 1982 онд газрын тосны нөөцөөр баян, 27 сая хүн амтай орны ерөнхийлөгчөөр сонгогдож байсан тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүнд тооцогддог.
Ерөнхийлөгчийн суудалд суусан хугацаагаараа тэр Африк тивд зөвхөн Экваторын Гвиней улсын ерөнхийлөгч Теодоро Обиангийн дараа эрэмбэлэгддэг байна. Гэхдээ Камеруны иргэд түүний засаглалын 40 гаруй жилийн хугацаанд ямар ч ахиц дэвшил гараагүйд бухимдалтай байгаа ажээ.
Бияа өнгөрсөн хугацаанд эдийн засгаа туйлдуулж, сөрөг хүчнээ нухчин дарж, салан тусгаарлагчдын бослого үймээнийг дарж чадалгүй өдийг хүрсэн юм. Франц хэлтэн олонх болдог Камерунд англи хэлтэй хүн амын цөөнх салан тусгаарлахаар олон жилийн турш тэмцэж, үр дүнд нь олон мянган хүн амиа алдаад байгаа.
Бас исламын шашны хэт үзэлтнүүдийн Боко Харам зэвсэгт бүлэглэл сүүлийн жилүүдэд тус улсын умард хязгаарт довтлох болсон юм. Гэвч Пол Бияа эрх мэдлээ алдах хүсэлгүй, тэр ч байтугай Камерун улсыг 2035 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа 2035” хөтөлбөрөө танилцуулаад байгаа.
Тэрбээр 1933 онд Камеруны өмнөд хязгаарын Мвомека тосгонд мэндэлж байжээ. Тэр жил Адольф Хитлер канцлер болж байсан юм. Парист боловсрол олж авсан Бияа 1962 онд Камерунд буцаж ирээд төрийн албанд зүтгэсээр 1975 онд ерөнхий сайд болж байжээ.
Камеруныг тусгаар тогтносны дараа анхны ерөнхийлөгч болж байсан Ахмаду Ахиджо 1982 оны арваннэгдүгээр сард түүнийг өөрийн залгамжлагчаар сонгож байсан юм.
2020 онд тэрбээр хэдэн долоо хоногийн турш олны нүдэнд ил гараагүй нь коронавирусийн халдвараар нас барсан гэх цуурхал дэгдэхэд хүргэж байжээ.
Эх сурвалж: Ikon.mn