Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Ганболд авлига албан тушаалын хэргээр ял авлаа
Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Ганболд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга, угсралтын ажлыг хийх тендерт шалгарсан “Батжин Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлээс гэрээт ажлын нийт дүн болох 1.2 тэрбум төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, өгөхгүй бол тендерийг хүчингүй болгуулж зарлуулна хэмээн сүрдүүлэх, хясан боогдуулах замаар авлига авч, улмаар тус компанийг цаг хугацаандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй, тендерийн баталгааны мөнгөө буцааж татсан гэсэн шалтгаанаар гэрээг нь цуцалж их хэмжээний хохирол учруулжээ.
Дээрх гэрээг цуцлан Ө.Батцэнгэлд учруулсан хохирлоо тус тендерт шалгарсан “Хөвсгөл Баянчандмань” компаниар барагдуулж өгнө хэмээн хууран мэхэлсэн, мөн Мөрөн хотод орон сууцны шинэ хороолол барих газар шийдэж өгнө хэмээн амлаж дахин авлига нэхсэн, хэрэв өгөхгүй бол газрыг чинь шийдэж өгөхгүй гэж хясан боогдуулсан болох нь тогтоогдсон юм.
Тэгвэл тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж Засаг дарга асан Л.Ганболд нь “их хэмжээний авлига авсан нь тогтоогдож” 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/461 дугаар яллах дүгнэлтээр “улс төрийн нөлөө бүхий этгээд, хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял авлаа. Гэвч хорих ял өгөлгүй эрүүгийн хуулийн ял наймаалцах зүйл заалтын дагуу Засаг дарга асан Л.Ганболдод төрд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоож төрийн хайр энэрэлийг үзүүлжээ