|

Стандарт хангаагүй барилгуудад өршөөл үзүүлснээ бахархан ярьж буй Эрдоганы бичлэг Туркийн хэвлэлүүдээр таржээ

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы 2019 онд хэлсэн үгийн дүрс бичлэг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинд өргөн таржээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн бүс нутгуудад сонгуулийн ажлаар очихдоо тэр барилгын аюулгүй байдлын норм стандартыг зөрчсөн олон байгууллагуудад өршөөл үзүүлснээр нутгийн хүн ардын нийгмийн асуудлыг шийдэж чадсанаа бахархан ярьсан юм байна.

Тухайлбал Эрдоган саяын газар хөдлөлтийн гол төв болсон Кахраманмараш мужид болсон цуглаанд үг хэлэхдээ “Бид энэ өршөөлөөрөө Кахраманмараш мужийн 144,556 иргэний асуудлыг шийдэж чадлаа” гэж байжээ.

Тэрбээр бас саяын газар хөдлөлтөд хамгийн их хохирсон хотуудын нэг Хатай мужийн Малатяд очихдоо “Өршөөлийн үр дүнд Хатай мужийн 205,000 иргэний асуудал шийдэгдсэн” гэж хэлсэн байна.

Эрдоганы засгийн газар 2018 онд зөвшөөрөлгүй баригдсан болон аюулгүй байдлын стандартыг тодорхой хэмжээгээр зөрчиж баригдсан барилга байгууламжуудад нэг удаагийн торгууль төлүүлээд өршөөл үзүүлэх арга хэмжээ авч байжээ.

Энэ удаагийн газар хөдлөлтөд нурсан барилгуудын хэд нь энэхүү өршөөлд хамрагдсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Туркийн Инженер, Архитекторуудын Эвлэлийн Истанбул дахь салбарын тэргүүн Пелин Пинар Гиритлёглу энэ удаагийн газар хөдлөлтийн бүсэд байрлалтай 70,000-75,000 орчим барилга дээрх өршөөлд хамрагдсан гэж ярьсныг BBC суваг дамжуулжээ.

Энэ удаагийн газар хөдлөлтөд Туркийн 10 мужийн 12,000 гаруй барилга нурсан буюу ноцтой гэмтсэн гэсэн тоо баримт бий. Өчигдрийн байдлаар газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо Турк улсад 37,000 хүрээд байна.

Энэ бүхний гол буруутан нь 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл засгийн эрхийг барьж буй Эрдоганы нам гэж олон хүн үзэж байгаа.

Сөрөг хүчний лидер Кемал Киличдароглу “Хэрвээ энэ бүхэнд ганцхан хүн буруутай гэж үзвэл тэр нь Эдоган мөн” гэж ярьсныг Туркийн хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: ikon.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *