Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслыг амжилттай хийлээ.

Өвчтөн нь 34 настай эрэгтэй, IV бүлгийн цустай, бөөрний дутагдал оноштой бөгөөд 32 настай эмэгтэй дүү нь донор болсон. 100 хувийн тохироотой.

Мэс заслын багт 60 гаруй хүн багтсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарах өдрөө хүлээж байна. 

“Хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр “Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ” 300 дахь мэс засал амжилттай хийгдлээ. Өнөөдрийн байдлаар өвчтөний биеийн байдал сайн, лабораторын шинжилгээгээр хянагдаад эмнэлгээс гарах дөхөж байгаа.

УНТЭ-т эртхэн шилжүүлэн суулгах анхны оролдлогууд 1990-ээд оны сүүлээр эхэлж, 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдсэн. Үүний өмнө бөөрний, бөөрний мэс заслын, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зэрэг маш олон хүнийг багтаасан Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулсан.

Эртхэн шилжүүлэн суулгана гэдэг нь мэс заслын болон бусад өвчлөлүүд дотроо хамгийн их ур чадвар шаардсан технологи. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын цаана эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, лаборатори, дүрс оношилгоо гээд маш олон салбарын эмч нар илүү их ажиллах шаардлага үүсч, төдий чинээ багийн эмч ажилчдын мэдлэг, чадвар дээшилж, салбарын хөгжил мэдэгдэхүйц дээшилдэг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас улбаалан бид элэг шилжүүлэн суулгах, цусны үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах гэх мэт маш олон ажилбар, мэс заслыг амжилттай хийж байна.

Анх 1, 2 хүнд хийгддэг байсан бөөр шилжүүлэн суулгах мэс засал өнөөдөр 300 иргэнд хийгдсэн байна. Үүн дотор ямар нэгэн хүндрэлтэй, донорын тохироо таарахгүй, цусны бүлэг ондоо гэх мэт маш олон хүндрэлтэй тохиолдол гарсан. Тэр бүх хүмүүсийг бид эмчлэх, эдгээх талын шинэ технологиудыг нэвтрүүлж ирсэн.

Энэ онд манай эмнэлгийн зүгээс цусны бүлэг ондоо донороос бөөр шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгасны дараа  бөөр ховхорсон ч юм уу ондоошсон бөөрний үйл ажиллагааг дахин засаж үйл ажиллагаанд оруулах, хүүхдээс бөөр шилжүүлэн суулгах гэх мэт шинэ технологиудыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. 

Аливаа улс оронд эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар, мэс засал, эмчилгээ нь маш өндөр өртгөөр хийгддэг. Харин манай улсын хувьд ЭМДЕГ-аас тодорхой үнэлгээг хийлгээд иргэддээ энэ төрлийн мэс заслыг харьцангуй хямд өртгөөр хийж байна. Эртхэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг ЭМД-аас тодорхой хувиар хөнгөлдөг. Өөрөөр хэлбэл даатгуулагч 25 хувийг, ЭМД-ийн сангаас үлдсэн 75 хувийг төлдөг. Хэрэв даатгуулагч нь группт юм уу, өндөр насны тэтгэвэрт гарсан буюу улсаас даатгал нь төлөгддөг хүн байвал 100 хувь ЭМД-ын сангаас буюу улсаас үнэ төлбөргүй хийдэг.

“Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 483 өвчтөн байна”

Arslan.mn

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч,  Төрийн соёрхолт, АУ-ны доктор, профессор  Д.Баян-Өндөр:  УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах төв анх байгуулагдахдаа 10 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо 22 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн байна. Бидэнтэй өнөөдрийг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж их үйлс бүтээхийн төлөө бүх цаг үеэ зориулсан багийнхаа хамт олонд талархал илэрхийлье. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бид “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлсэн нь” сэдвээр ТӨРИЙН СОЁРХОЛ хүртсэн. Төрөөрөө үнэлүүлсэн баг хамт олон байна.

Одоогийн байдлаар Эд, эс, эртхэн шилжүүлэн суулгах төв бидэнд зайлшгүй шаардлагатайгаас гадна энэ талын мэргэжлийн хүн Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох гээд шинжилгээгээ бүрдүүлээд хүлээж байгаа 16 өвчтөн байгаа бол шинжилгээ бүрдүүлж яваа 18 өвчтөн байна. Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 483 өвчтөн жагсаалтад байна. Гемодиализын аппаратанд ордог 1200 орчим өвчтөн байна. Гэтэл манай төвд гурван ор л байдаг. Энэ гурван орон дээр л бид мэс засал хийж байгаа учраас дараалал үүсч, чирэгдэлтэй байдал үүсдэг. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай эмнэлэгт ажиллах үеэрээ энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн. Бид төвтэй болоод өдөр тутам бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж, бөөрний дутагдалд орсон өвчтөнүүдийн эмчилгээг цаг тухайд нь хийх боломж олдоно гэдэгт найдаж байна. Технологийн хувьд антибоди өндөр болон цусны бүлэг өөр хүмүүст бөөрийг нь тохируулан суулгах эмчилгээг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна.

“Донорын мэс заслыг дурангийн аргаар хийж байгаа  нь өндөр технологийн нэг дэвшил”

Arslan.mn

Монголын Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн, Урологи-Андрологийн төвийн зөвлөх, Төрийн хошой соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэн: 2006 онд баг бүрдүүлж, тухайн үедээ миний бие ахалж ажиллаж байлаа. Сэтгэл зүтгэл, дуу хоолой нийлж ажиллаж, залуу халаагаа бэлдэж ажилласны хүчинд өнөөдөр 300 дахь мэс заслаа амжилттай хийлээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг өнөөдрийн өндөрлөгт хүргэхэд манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд болон  ЭМЯ хамтран ажилласны үндсэнд бидний ажил хөгжиж дэвшиж, өнөөдрийн өндөр технологиуд нэвтэрч, молекул биологийн лаборатори, дархлаа дарангуйлах иммуналоги нэвтэрч, эмч нар мэргэшиж, эрсдэл, хүндрэл тун багатайгаар өнөөдрийн өндөрлөгт хүрлээ. Бөөр шилжүүлэн суулгах 300 дахь мэс засалд оролцож байгаа нийт баг хамт олонд баяр хүргэе. Донорын мэс заслыг бид дурангийн мэс заслаар хийж, донорт эрсдэл хүндрэл бага, хамгийн бага хүрцээр хамгийн бага зовиур шаналгаатайгаар авч байгаа нь бидний өндөр технологийн нэг дэвшил гэж харж байна.

Анх Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлснээс хойш 16 жилийн туршид бид өөрсдийн хойч үеэ бэлдэж чадсандаа сэтгэл өег явдаг. Шавиа бэлтгээгүй байсан бол бид сөхөртлөө л явах байсан байх. мэс заслын баг, донорын баг, лаборатори, бүр трасст оролцдог бүх мэргэжилтнүүд хойч үеэ бэлдэж чадсан. Бидний бэлдсэн баг өдөрт хоёр бөөр шилжүүлэн суулгах хэмжээний хүчин чадалтай болсон. Өглөө эрт суугаад зэрэг эхэлсэн ч болно, өглөө эрт ороод үдээс хойш дахиад хийсэн ч болно.

“Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь маш олон хамт олны багийн ажил байдаг”

Arslan.mn

УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч, Бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн, Төрийн соёрхолт, АУ-ны доктор  Ж.Саранцэцэг

Элэг, бөөр шилжүүлэн суулгах, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаа тогтворжиж, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын багууд үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Энэ бүх хүний амьдралын чанарыг сайжруулахад хийгдэж байгаа эс болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын үндсэн суурь болсон бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олонд баяр хүргэе. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь маш олон хамт олны багийн ажил байдаг. Бид Донорын тухай хуулийг батлуулж, шинэчилсэн найруулгыг хийсэн. Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль гарахаар болсон. Эхний ээлжинд эмнэлзүйн үйл явцыг нутагшуулах удирдамж боловсруулж явдаг байсан бол одоо бодлогын хэмжээнд энэ баг түүчээлэн удирдах ёстой. Энэ багт байгаадаа маш их баяртай байдаг. тууштай нэг зорилгын төлөө хамтран зүтгэсэн багийн хамт олондоо амжилт хүсье.

Эх сурвалж: Арслан.мн

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *