Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал хаалттай горимд шилжлээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байгаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулах шийдвэр гаргасан. Гэвч Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан юм.
Улмаар шүүгчид зөвлөлдөөд хүсэлтийг хүлээн авч шүүх хурал хаалттай хэлбэрт шилжин сэтгүүлч, зураглаач нарыг танхимаас гаргалаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох ёстой байсан юм. Шүүх хуралд ирэх ёстой бүх хүмүүс ирээгүй ч маш өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж байна. Тухайлбал, 100 гаруй өмгөөлөгч оролцож байна.
Б.Батбаярын хувьд 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 оны зургадугаар сарын эхээр хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, НВЦ-гийн захирал Ц.Баатарбилэг зэрэг танилууддаа давуу байдал бий болгосон, Хөгжлийн банкны хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогдуулан шалгасан юм.
Б.Батбаярын хувьд зөвхөн НВЦ компанийн удирдлагаар тогтохгүй, “Алтай групп” буюу олны дунд “Алтай констракшн”-ы гэдгээр нь мэдэх болсон Хадбаасангийн Бат-Эрдэнэд ч давуу байдал бий болгон, үнийн дүндээ хүрэхгүй объектуудыг зээлийн барьцаанд авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаж байв.
НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авч, заримыг нь хувьдаа шамшигдуулсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.