Эв нэгдэл гэсэн гоё үгээр халхавч хийж ардчиллын нэр хүндийг унагасан үйл ажиллагааг буруутгаж байна
АН-аас намын даргад нэр дэвшүүлэн сонгосон Д.Ганбат, Л.Гантөмөр нараас Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэсэн юм. Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаснаас хойш ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байсан Д.Ганбат, С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
Д.Ганбат: -Эрх баригчид АН-ыг хоёрдугаар охин намаа болгох гэж байна. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Эрх баригчид шүүхэд нөлөөлсөн. Шүүх хуульд захирагдахгүй байна. Гэхдээ тэнд бас шударга хүмүүс байна. Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэх асуудал 25 шүүгчээс ганцхан саналын илүүгээр шийдвэрлэгдсэн гэсэн мэдээлэл байна.
С.Эрдэнэ: -Дээд шүүх Улс төрийн намын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу асуудалд хандсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Эв нэгдэл гэсэн гоё үгээр халхавч хийж, эрх баригчидтай тохиролцож ардчиллын нэр хүндийг унагасан үйл ажиллагааг буруутгаж байна. Бид энэ хүмүүстэй нэг туган дор байж чадахгүй. Эвлэрлийг эсэргүүцэж байгаа юм биш хууль бус, дүрмийн бус үйлдлийг эсэргүүцэж байна. Бид энэ асуудлыг шалгуулна. Энэ сарын 18-нд намынхаа эрх бүхий байгууллага Үндэсний бодлогын хорооны хурлыг хийнэ. 200 мянган гишүүнтэй, парламентад суудалтай АН-ын үйл хэргийг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэдхэн хүн дээрэмдээд авчихдаггүй юм. Үүний эсрэг тэмцэнэ. Тэр болтол би АН-ын даргын үүрэгт ажлаа хийнэ. Д.Ганбат гишүүн АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга, намын тэргүүн дэд дарга, УИХ дахь намын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Хэн ч үүнийг цуцлаагүй.