|

Япон улс хог цэвэрлэгээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна

Энэ оны арваннэгдүгээр сард Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах хог цэвэрлэгээний дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээний бэлтгэл ажил эхэлжээ.

Уг тэмцээнд дэлхийн 20 улсын баг оролцох ба эдгээр улсуудад үндэсний аваргаа шалгаруулах урьдчилсан тэмцээнүүд эхэлж байгаа юм байна. Энэхүү шинэ төрлийн “SpoGomi” хэмээх нэр нь “спорт”, “гоми” (япон хэлээр хог хаягдал) гэсэн үгнүүдийн нийлбэр ажээ.

Японд анхны ийм тэмцээнүүд 2008 оноос зохион байгуулагдаж эхэлсэн нь одоо олон улсын тавцанд гарах гэж байгаа юм байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван гишүүнтэй багууд 60 минутын хугацаанд өгөгдсөн гудамж талбайгаас хэр их хог цуглуулж чадсанаараа өрсөлдөнө.

Ингэхдээ шатаах боломжтой, дахин боловсруулах боломжтой, металл хийцтэй гэсэн гурван хэсэгт цуглуулсан хог хаягдлаа ангилах юм. Тэмцээний цаг дуусахад хамгийн их хогийг хамгийн зөв ангилж цуглуулсан баг түрүүлэх ажээ.

Хог хаягдлыг хувийн өмчийн газар, авто болон төмөр замаас цуглуулахгүй байх дүрэм үйлчлэх ба үүнийг шүүгч нар хянах юм байна. Японд өмнө нь болж байсан тэмцээнүүд далайн эрэг, голын эрэг, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад зохион байгуулагдаж байжээ.

“Дэлхийн аваргын тэмцээнүүдийг хаана зохион байгуулахыг бид эцэслэн шийдээгүй байна. Хотын төвийн гудамжнуудад байх болов уу” гэж зохион байгуулагчдын нэг Такаяасү Удагава ярьсан байна.

Японы Uniqlo бэлэн хувцасны брэндийг эзэмшигч Fast Retailing Co компани тэмцээнийг ивээн тэтгэж, $2 саяыг хандивлажээ.

Одоо Япон даяар жил бүр 100 орчим SpoGomi тэмцээн зохион байгуулагддаг болсон байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ, Канад, Өмнөд Африк, Египет, Энэтхэг, Индонез, Малайз, Тайланд, Филиппин зэрэг улсуудын баг оролцохоор болжээ.

Эх сурвалж: Ikon.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *